Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдаар 1.3-4.9 градус, Алтайн өвөр говийн сумдаар 3.7-6.1 градус, өндөр уулын сумдын нутгаар 4.6-5.4 градус хүйтэн байсан. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 2-18 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 12-21 градус хүйтэн байв. Нийт нутгаар цас орж цасан шуурга шуурснаас сэрүүсч эхэлсэн.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 1 градус дулаанаас 7 градус хүйтэн байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 10-30 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 13-22 градус хүйтэн байсан. Хамгийн дулаан Зэрэг суманд 30 градус хүрсэн бол хамгийн хүйтэн Мөнххайрхан, Дуут, Алтай, Үенч сумдаар 20 -22 градус хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумдын нутгаар цас орж нийт 37.4 мм тунадас орсон. Орсон тунадасыг сумдаар авч үзвэл: Алтайн өвөр говийн сумдаар буюу Алтайд 6.8 мм, Булганд 7.2 мм, Үенч суманд 9.1 мм цас орсон. Их нууруудын хотгорын сумдаар 0.1-5.8 мм, өндөр уулын сумдаас Мөст, Мөнххайрхан, Дуут сумдаар 0.0-0.8 мм цас оржээ. Зэрэг, Ховд, Цэцэг сумдын нутгаар цас ороогүй.
Цас(Snow): 11 дүгээр сарын 10-ны байдлаар Чандмань, Үенч, Алтай сумдын нутгаар битүү 10 баллын цастай, цасны дундаж өндөр 3-4 см, Дарви сумын нутгаар 1-4 балын 1 см зузаан цастай байна.Бусад сумуудын төвөөр цасгүй, өндөр уул нуруу, Алтайн салбар уулсаар цастай байна.
Салхи(Wind): Сарын эхээр салхи шуургатай байж, салхины их хурд секундэд нийт нутгаар 18-25 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан. Зэрэг, Мөнххайрхан, Чандмань, Мөст, Ховд сумдын нутгаар 24-25 метр, Дуут, Мянгад, Манхан, Дөргөн, Дарви, Жаргаланит сумдаар 20-22 метр, Цэцэг сумын нутгаар 18 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Алтай, Үенч, Булган сумдын нутгаар салхи шуурга багатай 6-13 метр салхитай байжээ.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал хээлтүүлэх ажил дуусаж, мал оторлох, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог борлуулах ажил явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.Мөнххайрхан суманд цас орж, хүчтэй цасан шуургатай байснаас мал бэлчээртээ 1 өдөр гараагүй.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 37.4 мм цас орсон.
- Цасны зузаан Алтайд 4 см, Чандмань, Үенч сумдад 3 см, Дарвид 1 см цастай байна.
- Сарын эхээр нийт нутгаар цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2023 оны 11 дүгээр сарын 11-нд